Цэвэрлэгчээс ‘Square’ компанийн зөвлөх : Э.Илчмаа

Зорилго, тэмүүлэлтэй байж л амжилтад хүрдэг. Хаашаа явах, юу хийхээ, мөн юуг хүсэж байгаагаа мэдэхгүй хүн хаана ч хүрч, юуг ч бүтээж чадахгүй. Илчмаагийн хэлэх дуртай үг нь “тэмүүлэлтэй” бай. Тэрээр үргэлж л шинэ зүйл рүү тэмүүлж явдаг нэгэн гэлтэй. Тэр дундаа ажлын талбар дээр. Ирландыг зорин ирэх олон Монголчуудын адилаар Илчмаа маш энгийн түвшнээс ажлын гараагаа эхэлж. Тэрээр 2014 онд энэ ногоон аралд анх хөл тавьсан. Ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан. Төд удалгүй ажил хайж, Даблин хотын гудамжаар анкетаа тараагаад явсан байна. Ямар ч хамаагүй ажил олоод хийх хүсэлтэй байлаа. Түүний Ирланд дахь хамгийн анхны ажил нь цэвэрлэгээ. Цэвэрлэгчээр ажиллаж байх үед нь хамтран ажиллагч Монгол эгч нь түүнийг илүү дээр ажил ол гэж ятгасан байна. Учир нь Илчмаа Францад сургуульд сурсан. Франц хэл ч сайтай. Ингэж л түүний мэргэжлийн түвшний ажил хайх эхлэл тавигдаж. Lufthansa агаарын тээврийн компанид оператор хийж эхэллээ. Францаар, явандаа англиар аяллын зөвлөгөө,мэдээлэл өгнө. Англи хэл нь сайн биш байсан ч чадна гээд л орж. 

Үүний дараа тэрээр алдарт ‘Airbnb’ компанид ажилд тэнцсэн байна. Удалгүй цар тахал болж ‘Airbnb’ 2000 ажилтнаа халж, Илчмаа ч ажилгүй болжээ. Дахиад л дараагийн ажил хайлт. Олон удаа ажлын анкетаа явуулж, ярилцлагад орсон ч татгалзсан хариулт авсаар. Эцэст нь тэрээр АНУ- д төвтэй ‘Square’ компанийн ажлын ярилцлагыг амжилттай давсан байна. Одоо тэрээр тус компанийн Англи, Европ дахь борлуулалтын албаны зөвлөх. Илчмаа Ирландад ирээд хэрхэн ажил хайж, ямар саад бэрхшээлийг даван туулснаа надтай ний нуугүй хуваалцсанд талархаж буйгаа илэрхийлье. Түүнээс суралцах зүйл олон байсан гэдгийг нуух юун.

Тэрээр Дундрум хот дахь гэрээр нь зочлох боломжийг мөн олгосон. Хүүхдүүдийнхээ сургуулийг түшиглэж энд нүүж ирж. Ирландад ерөнхий боловсролын сургууль үнэгүй. Гэвч цэцэрлэгт хүүхдээ явуулахад ихээхэн зардал гардаг аж. Ер нь сургууль болон цэцрлэгийн хүрэлцээ, олдоц тийм элбэг биш. Даблинд анх ирснээс хойш таван удаа нүүсний эцэст өнөөгийн байрандаа оржээ.

Тэрээр Ирландын амар тайван амьдрал мөн хүмүүсийн найрсаг байдал хамгийн ихээр тааллагддагийг хэлж байсан юм. Монголчууд ер нь дуугүй , үг дуу цөөтэй. Энэ бол Монгол хүний нэг сул тал гэж тэр яриандаа онцолж байсан. Ирландад, ер нь барууны оронд өөрийгөө илэрхийлж чаддаг байх нь маш чухал аж. Хүүхдүүдээ асран халамжлахын хажуугаар мэргэжлээрээ олон улсын нэр хүндтэй компанид ажиллаж яваа нэгэн мундаг Монгол бүсгүйн яриаг бүтнээр нь үзээрэй.

Scroll to Top