Ус ба Фитнесс

 

Ус бол амьдрал. “Ус бол амьдрал” хэмээх энэ үгийг хэн гэдэг ухаантан хэлсэн юм бол доо. Мод, хүн гэлтгүй усгүй бол хэдхэн хоногоос илүү амьдрах боломжгүй. Ус нь хүний биеийн жингийн 40–70 хувийг бүрдүүлдэг. Булчингийн 65–70 хувь, өөхний 10 хувь нь уснаас тогтоно. Хүний биед ойролцоогоор 37 их наяд эс байдаг гэж үздэг. Эдгээр эсийн дотоод бүтцийн 62 хувь нь ус байдаг бол гаднах хэсгийн 38 хувь нь мөн адил уснаас бүрдэнэ.

 

Усны бие дэх үүрэг

  • Уургийн хамт үе мөчийг тосолж, хөдөлгөөнийг хөнгөвчилнө
  • Зүрх, уушги, гэдэс, нүд зэрэг эрхтнүүдийн үйл ажиллагаа, хөдөлгөөнд дэмжлэг үзүүлнэ
  • Эсүүдийг, цаашлаад биеийн бүтцийг бүрдүүлнэ
  • Биеийн хэмийг тэнцвэржүүлнэ
  • Биеийн дотоод үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгална

Шингэн хэрхэн алдагддаг вэ?

  • Шээсээр
  • Хөлсөөр дамжин арьсаар
  • Амьсгалаар
  • Ялгадасаар

Чамд хэр их ус шаардлагатай вэ?

Хөдөлгөөн багатай насанд хүрсэн хүний өдөр тутмын усны хэрэглээ ойролцоогоор 2–2.5 литр байдаг. Харин идэвхтэй хөдөлгөөнтэй хүн үүнээс илүү хэмжээний ус хэрэглэх шаардлагатай. Дасгалын өмнө болон дараа жингээ үзэж харьцуулснаар хэр хэмжээний шингэн алдсанаа тодорхойлж болно.

Бэлтгэлийн үеийн усны хэрэглээ

Өмнө

  • Бэлтгэл эхлэхээс 2 цагийн өмнө 400–600 миллилитр шингэн ууна.

Дундуур

  • 15–20 минут тутамд 150–330 миллилитр ус ууна.

Дараа

  • Алдсан жингийн 1 килограмм тутамд 1 литр шингэн нөхөж ууна.

Усыг хангалттай ууж байх нь чухал боловч хэт их хэрэглэвэл мөн сөрөг шинж тэмдгүүд илэрч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Scroll to Top